Tuesday, October 12, 2010

Хятадын засгийн газарын тэтгэлэг (бүрэн)

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2009-2010 оны хичээлийн жилээс БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд 20 бакалаврын оюутан, 40 мэргэжил дээшлүүлэгчийг тус тус сонгон шалгаруулж суралцуулна.

Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүсийг магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа болон Хятадын талтай зөвшилцсөний дагуу БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид 1 хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж, хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтад 4 ба түүнээс дээш зэрэг авсан 21 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна.

Бакалаврын шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль тус бүр 30 хүртэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Боловсролын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль тус бүр 15 хүртэл, бусад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллеж нь тус бүр 5 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, дараах хүснэгтийн дагуу бүртгэн оюутан тус бүрийн 2000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2009 оны 3 сарын 6-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

БНХАУ-д суралцаж буй хүмүүс нь 3 сарын 7-ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 3 дугаар байрны нэгдүгээр давхарт ирж, иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бэлтгэл ангийн сурлагын дүнгийн тодорхойлолт болон хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын гэрчилгээгээ эх хувиар нь үзүүлж бүртгүүлнэ үү.

Мэргэжил дээшлүүлэх хүмүүсийг бакалавраас доошгүй боловсролтой (сурлагын голч дүн нь 3.25-аас дээш байна), мэргэжлээрээ 2-оос доошгүй жил үр бүтээлтэй ажилласан, 35 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна.

Мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй хүмүүс нь доор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн 3 сарын 8-ны өдрийн 10.00-15.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 3 дугаар байрны нэгдүгээр давхарт ирж бүртгүүлнэ үү. Үүнд:

1. Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

2. Ажил байдлын тодорхойлолт;

3. Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

4. Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (500-аас цөөнгүй үгээр бичнэ);

5. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (соёл урлагийн чиглэлийн мэргэжил дээшлүүлэгчид өөрийн 2 бүтээлийг CD, VCD-нд буулган хавсаргана);

6. Шалгалтын хураамж 5000 төгрөг.

БНХАУ-ын Боловсролын яамны холбогдох журмын дагуу сонгон шалгаруулалтыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хариуцан зохион байгуулах тул бүртгүүлсэн хүмүүсийн баримт бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 3 сарын 11-ний өдөр Элчин сайдын яаманд хүлээлгэж өгнө.

Бакалаврын сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн хүмүүсийг математикийн шалгалтад оруулж, хамгийн өндөр оноо авсан 40 хүнээс ярилцлага авна.

Математикийн шалгалтыг 3 сарын 14-ний өдрийн 11.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимуудад зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.

Мэргэжил дээшлүүлэхээр бүртгүүлсэн хүмүүсийн баримт бичигт үнэлэлт, дүгнэлт өгөх хэлбэрээр сонгон шалгаруулж, шалгарсан 60 хүнийг ярилцлагад оруулна.

Математикийн шалгалтын оноо, ярилцлагад орохоор шалгарсан хүмүүсийн нэрс болон ярилцлагын цагийн хуваарийг 3 сарын 18-ны өдрийн 18.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр зарлана.

Бакалаврын ангид суралцах хүмүүсийн ярилцлагыг 3 сарын 20-ний өдөр, мэргэжил дээшлүүлэх хүмүүсийн ярилцлагыг 3 сарын 21-ний өдөр Элчин сайдын яамны байранд зохион байгуулж, эцсийн шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийг 3 сарын 26-ны өдрийн 18.00 цагт Элчин сайдын яамны үүдний самбар дээр зарлана. Инженер, технологи, байгалийн ухаан, хөдөө аж ахуй, багш, эмч мэргэжлээр суралцах хүмүүс сонгон шалгаруулалтад давуу эрх эдэлнэ. Сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй тухай БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэж байна.

Ярилцлагад орохдоо дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй хүмүүс нь иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, их, дээд сургууль, коллежийн 1,2 дугаар ангийн сурлагын болон голч дүнгийн тодорхойлолтоо, БНХАУ-д хэлний бэлтгэл ангид суралцсан хүмүүс нь иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангийн сурлагын болон голч дүнгийн тодорхойлолт, хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын гэрчилгээгээ, мэргэжил дээшлүүлэх хүмүүс нь иргэний үнэмлэх, дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалт, ажил байдлын тодорхойлолт, бүтээлийнхээ дээжийг тус тус эх хувиар нь авч ирнэ үү.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг БНХАУ-ын их, дээд сургууль, коллежид суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг БНХАУ-ын Боловсролын яам, хүлээн авах сургууль хоёр хамтран гаргана. Суралцахаар урилга хүлээн авсан оюутан, мэргэжил дээшлүүлэгч нь хятадын талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэ шалгалтад тэнцсэн хүмүүс нь үргэлжлүүлэн Засгийн газрын тэтгэлгээр үндсэн сургалтад хамрагдана. Замын зардлаа суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын Засгийн газраас санхүүжүүлнэ.

No comments:

Post a Comment

Comments

Юм хайх !

NeoBux!